Харвардын их сургуульд богино хэмжээний сургалтанд хамрагдах үеэрээ би насандаа багтамгүй том мөрөөдөлтэй бүсгүйтэй уулзсан юм. Түүнээс эрч хүч, сурч мэдэхийн төлөөх тэмүүлэл гэрэлтэнэ. Ихийг сураад эх орондоо ирж сайхан зүйл бүтээнэ гэсэн дэврүүн хүсэл өвөрлөн дэлхийд алдартай Харвардын их сургуульд суралцаж байгаа А.Мөнхжинтэй цөөн хором хөөрөлдсөн ярилцлагаа та бүхэнд хүргэе.
Юуны түрүүнд өөрийгөө танилцуулна уу?
Сайн байна уу? Намайг Амарбаясгалангийн Мөнхжин гэдэг. 23 настай. Бостон хотын Харвардын их сургуульд “International relations, foreign investment” мэргэжлээр суралцаж байна.
Чиний мөрөөдөл юу вэ?
Би 5 настай байхдаа эдийн засагч болно гэж мөрөөддөг байлаа. Харин одоо өөрчлөгдсөн. Энд амьдарч байх хугацаандаа сурахыг хүссэн бүхнээ сурчихаад эх орондоо очиж үр бүтээлтэй, дорвитой, үр өгөөжтэй зүйл хийе гэж мөрөөдөж байна.
Суралцаж байгаа сургуулийнхаа талаар дурьдвал…
Харвардын их сургууль нь Жон Харвардын нэрэмжит, 1636 oнд байгуулагдсан, сургууль юм. Жон Харвард 1638 онд таалал төгсөхдөө Харвардын их сургуульд өөрийнхөө хувийн номын сан болон газар, барилгыг өвлүүлэн үлдээсэн. Сургуулийн урд зэсээр хийсэн түүний бүрмэл хөшөө байдаг ба сайн харвал зүүн өлмийний зэс нь гартал элэгдсэн байгаа. Яагаад гэвэл түүний зүүн хөлөнд шалгалт өгөхөөсөө өмнө хүрвэл онц авна гэсэн сүсэг оюутнуудын дунд байдаг. Мэдээж бүх оюутнууд нь газар бүрээс шигшигдэж ирсэн болохоор онц авах түвшинд өөрийгөө бэлдсэн байдаг л даа.
Xарвардын босгыг давна гэдэг амаргүй. Элсэн ороход нөлөөлсөн хүчин зүйлс юу вэ?
Ахлах сургуульд сурч байх үеэс оролцож байсан олон нийтийн болон сайн дурын ажлууд нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Би ахлах сургуульд сурч байхдаа FBLA “Future Business Leaders of America” (Ирээдүйн америкийн бизнес удирдагчид) гэдэг холбооны сургуулийнхаа салбарын ерөнхийлөгчөөр 2 жил ажилласан. VSCPA “Virginia society Certified Public Accountant” (Virginia мужийн мэргэжлийн нягтлан бодогчдын холбоо) -д залуу идэвхтэн гишүүн байсан. Манай багийнхан Виржиниа мужийн сүмийн аудитийг үнэгүй хийж өгч олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байсан нь бас том түлхэц болохоос гадна миний авч байсан шагнал, медаль хүчин чармайлтыг харгалзаж үзсэн байх. Хүүхэд байхаасаа л нийтэч, олон нийтийн ажилд идэвхитэй, зохион байгуулах авьяастай байсан юм болов уу гэж боддог. Одоо Бостон хотод болдог бизнес бүсгүйчүүдэд зориулсан сургалт, хөрөнгө оруулагчдын хуралд байнга оролцож байгаа.
Ахлах сургуулиа АНУ-д дүүргэсэн үү?
Тийм ээ. Өмнө нь Монголдоо Байгалийн шинжлэх ухааны 28-р дунд сургуулийн математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид 9-р анги хүртэл суралцсан. Тэр хугацаандаа математик, физикийн олимпиадуудад амжилттай оролцож, сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн ажилд маш идэвхтэй хамрагддаг, тэргүүний сайн сурагч байсан. Манай аав Өмнө-Говь аймаг, ээж Улаанбаатар хотод төрсөн. Бага байхдаа зуны амралтаараа Өмнө-Говь аймагт очиж зусдаг байлаа. АНУ-д ирээд эхний 3 сар хэл мэдэхгүй, найз нөхөдгүй, багшийн яриаг ойлгохгүй их хэцүү байсан болохоор шантрах үе ч олон байсан. Бүр “нутаг буцъя л даа” гэж ээжээсээ гуйж зовоодог байсан. Тэгээд “York Town” ахлах сургуулийн 9-р ангид орсон юм. Эхлээд гадаадаас ирсэн хүүхдүүдэд зориулсан англи хэлний “ESL” буюу English as a second language гэдэг 5 үе шаттай сургалтын анхан шатны ангид орсон. Хэл мэдэхгүй болохоор өөрөөсөө их ичнэ. Манай англи хэлний багш нар намайг дэмжиж, цаг гарган зааж тайлбарлаж, алдааг засаж хэлж өгдөг. Хичээл дээр ярих боломжгүй учир би өдрийн хоолны цагаа сургуулийн цайны газарт биш, багшийнхаа өрөөнд хичээлээ заалгаж ярилцангаа хоолоо идэж өнгөрөөдөг байсан. Багш нарынхаа хэлсэн урмын үг, магтаалд урамшин, маш их эрч хүч авдаг байсан даа. 9-р ангиа төгсөхдөө англи хэлний анхан шатны түвшинг амжилттай дүүргэж, хамт суралцсан хүүхдүүд дундаас шилдгээр тодорч, зуны сургалтанд үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнуулсан. Тэр мөчөөс хойш би сурах эрмэлзлэлээр дүүрэн болсон юм. Манай багш нар хэрэв чи сайн сургуульд орохыг хүсвэл дундаж дүнгээ 3.7-ooс доош буулгаж болохгүй гэж зөвлөсөн юм. Энэ зөвлөгөөний дагуу одоог хүртэл өөрийгөө дайчлан суралцдаг.
Англи хэлийг богино хугацаанд сайн сурсан туршлагаасаа хуваалцахгүй юу. Бас өөр шигээ сурах эрмэлзэл дүүрэн байгаа залуучуудад хандан зөвлөгөө өгөөч гэвэл…
Би их азтай. АНУ-д ахлах сургуулиа төгссөн болохоор англи хэлийг өөрсдөөс нь дутахааргүй сайн сурсан. Гэхдээ ерөнхий боловсролын сургалтад бизнес, нарийн мэргэжлийн үг хэллэгүүдийг заадаггүй. Анх албаны үг хэллэг сайн мэдэхгүй, ойлгодоггүй байсан ба Монгол хүмүүст банк, эмнэлэг, сургуулийн бүртгэл, үрилга авах, бага ангийн хүүхдийн багштай уулзах, шүүх хуралд оролцох зэрэгт нь аман болон бичгийн орчуулга хийж өөрийнхөө чадлаар тусладаг байсан маань хэлний мэдлэг сайжрахад нөлөөлсөн гэж боддог. Мөн 15 наснаасаа эхлэн үйлчилгээний газруудад ажилладаг байсан болохоор хүмүүстэй харилцаж сурсан. Өөрөөр хэлбэл “нүүр хагарсан” байх. Залуучууддаа хэлэхэд төлбөртэй сургуульд сурахаасаа өмнө эхлээд өөрийгөө дайчлаад өөрөө сурах гэж оролдох хэрэгтэй. Жишээ нь эхлээд хялбар үг хэллэгтэй ном уншиж болно. Ойлгосон ч, ойлгоогүй ч эхний 2-3 удаа толь бичиг хэрэглэлгүй дотроо биш чангаар дуудаж уншихад сонсгол сайжирдаг. Дараа нь дахин уншихдаа мэдэхгүй үгээ эхлээд “англи-англи” толь бичгээс хараад хэрэв ойлгохгүй бол “англи- монгол” толийг хэрэглэ. Өөртөө цаг гаргаад сонирхлоороо сурахаар хурдан сурдаг. Ингэсний дараа сургалтанд суувал илүү сонирхолтой, ойлгомжтой, үр дүнтэй болно. Харин ярианы дадлагын хувьд гадаад хүмүүстэй ярилцах боломж гарвал ичилгүй, буруу, зөв ч бай яриад л байх хэрэгтэй. АНУ-д цагаачид олон учир иргэд нь хүлээцтэй таныг ойлгож, танд өөрийгөө ойлгуулж чаддаг хүмүүс.
Хүн өөрөө хичээвэл, цаг зарцуулбал, өөртөө зорилго тавьбал сурах бололцоо, үүд хаалга үргэлж нээлттэй байдаг.
Харвардад суралцаж байгаа Монголчууд хамтран сан байгуулсан гэл үү?
Тийм. Бид хамтарч “Professional Education Development Foundation” (Мэргэжлийн боловсролыг дэмжих сан) гэдэг сан байгуулсан. Maнай сан нь Xарвард болон дэлхийн шилдэг сургуулиудад Монголын залуучуудыг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм л даа. Сангаа нээгээд удаагүй боловч дэмжих гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Би сангийнхаа удирдах зөвлөлд ажилладаг.
Энэ сангаас залууст ямар боломжуудыг нээж байгаа вэ?
Maнай “Мэргэжлийн Боловсролыг дэмжих сан” нь Харвардын их сургуулийн богино хэмжээний сургалтанд суралцах хүсэлтэй манлайлагч залуусыг Монголоос авчирч сургаж байна. Мөн энэ оны 10-р сарын эцсээр бид Монгол оюутнуудаа олон улсын оюутнуудын дунд явагддаг НҮБ-ын уралдаанд оролцуулах бэлтгэл ажлыг хийгээд дуусч байгаа. Удахгүй бүртгэл эхэлнэ. Мөн Төрийн сангийн зээлээр сурч болох 100 сургуульд оюутнуудыг элсэн ороход нь мэдээлэл, арга барил, гарцыг чиглүүлж өгөхийг зорьж байна.
НҮБ-ын олон улсын оюутны холбооны 2014 оны уралдааны хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү ?
Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын олон нийтийн мэдээлэлийн хүрээлэнгийн ивээл дор 45 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын оюутны уралдаант чуулган юм. Дэлхийн таван тивийн оюутан залуучуудын манлайлагч багууд оролцдог ба оюутнууд хамтарч баг (committee) болон дэлxийн хэмжээний онц ноцтой асуудлуудыг хэрхэн зөв зохистой шийдвэрлэx талаар, НҮБ-ын хуралдаанд гаргадаг шийдвэрүүдээс иш татан илтгэл тавьж өрсөлддөг. НҮБ-ын үйл ажиллагаа, олон улсын харилцаа, оюутнуудын үзэл баримтлал, хамтран ажиллах мөн олон улсын хүмүүнлэгийн ажиллагааг зөв ойлгох, дэмжин туслах, удирдан зохион байгуулахад нь зөв хандлага, туршлага өгөх зорилготой уралдаан юм. Энэ хөтөлбөрийг “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан” болон Тайсонс Консалтинг хамтран хэрэгжүүлэх юм. Одоогоор тус арга хэмжээнд Монголоос 100 хүртэл сурагч оюутнуудыг оролцуулах эрх аваад байгаа. Сонирхосон оюутнууд otgonulzii@gmail.com хаягаар хандаж мэдээлэл авч болно.
Сурахын хажуугаар ямар нэгэн ажил хийж байна уу?
Би санаа нийлсэн Монголчуудтайгаа хамтран Тайсонс консалтинг гэдэг нэртэй компани байгуулан ажиллаж байгаа. Манай компани бизнес, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, мэргэжлийн сургалт, бизнес уулзалт аялал зохион байгуулдаг. Америкийн зах зээлд сүүлийн 5 жилд амжилттай ажиллаж байна. Би компанийхаа удирдах зөвлөлд ажилладаг. Хэрэв АНУ-д хувийн бизнесээ эхлүүлэх, бизнес уулзалт, аялал хийх, байшин худалдаж авах, сургалтанд хамрагдах, орчуулга хийлгэх болон бусад зөвлөгөө хэрэгтэй бол бидэнд хандаарай.
Ирээдүйд дэлхийн шилдэг сургуульд суралцахаар бэлдэж байгаа залууст хандаж зөвлөгөө өгнө үү?
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Монголын сайхан үг бий. Өөрөө л хичээ. Чи өөрийгөө ялж чадвал хүссэндээ хүрнэ.
Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Танд ч бас баярлалаа. Амжилт!
Ярилцсан: Ш.Отгон- Өлзий
Twitter.com/otgonulzii
АНУ Бостон хот, Харвардын их сургуулийн гаднах талбайд 2014.08.15