Menu Close

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын 3 сая дахь иргэн тодорсныг айлтгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн тухай өнөөдөр морин цагт буюу 11.40 цагт айлтгав.

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан монголчууд гурван саяулаа болсныг Төрийн тэргүүнд айлтгалаа.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт иргэд ээ,

Шинэхэн цас бударсан дүн өвлийн энэ сайхан өглөө Монгол Улсын иргэн гурван сая болсон тухай баярт мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч танд болон нийт ард түмэндээ Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүнийг чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах Комиссын нэрийн өмнөөс айлтгаж байгаадаа туйлын баяртай байна.

Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн ХАТАНБОЛД, Ганбатын АЗЗАЯА нарын гэр бүлээс 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад ОХИН мэндэлллээ.

Энэхүү хүндэт танхимд манай Комиссын орлогч дарга, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Комиссын гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Монголын үндэсний олон нийтийн Радио, Телевизийн  ерөнхий захирал Ц.Оюундарь нар, Комиссын нарийн бичгийн дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамын төрийн нарийн бичгийн дарга н.Отгонжаргал, ҮСХ-ны даргын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Стаистикийн тухай хуулийн дагуу гурван сая дахь иргэнийг хэрхэн тодорхойлсон талаар ҮСХ-ны дарга С.Мэндсайхан танд илтгэхийг зөвшөөрнө үү” гэлээ.

ҮСХ-ны дарга С.Мэндсайхан Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлснийг 1000-ны нарийвчлалтайгаар,1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулсан талаар илтгэлээ.

Монгол Улсын нийт хүн ам энэ 2015 оны 1 дүгээр сайрын 1-ний байдлаар 2.995 949 хүн амтай байсан байна. Хүн амын тоо дахин 4051-ээр нэмэгдэж байж 3 сая дахь иргэнтэй болно гэсэн тоо бүртгэлийг оны эхний өдөр гаргаж нийтэд албан ёсоор зарласан бөгөөд ийнхүү 1 дүгээр сарын 24-ний өглөө 8 цаг 27 минутад  гурван сая дахь иргэн мэндэлснийг бүртгэн авчээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Монголын 3 сая дахь иргэн Э.Хатанболдын ууган охин болж төржээ. Мөн өдөр Монгол Улсын хүн ам 181 шинэ иргэнээр нэмэгдсэн бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төрсөн байна. Шинээр мэндэлсэн 181 иргэний гурав нь хилийн чинадад, 178 нь Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт төржээ.

Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр буюу эсвэл түүнтэй тэнцэх урамшуулал, тэтгэмжээр мялаах аж. Мөн түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 29 хүүхдийг тодруулж тусгай тэтгэмж урамшуулал олгох юм байна. Түүнээс гадна 1 дүгээр сарын 24-нд төрсөн бүх хүүхдэд урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ.

Монгол Улсын иргэд 1962 оны 10 дугаар сард нэг сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая болсон бол ийнхүү 2015 оны 1 дүгээр сард 3 саяулаа боллоо.

Монголчууд улам олуулаа болохыг бэлгэдэн 3 сая дахь иргэн мэндэлснийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч мялаалгын үг хэллээ.

Ажлын хэсгийн хамт олон

3saya1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »